“Мөнх тэнгэрийн бичиг-2015” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Filed under Соёл-урлаг

4c1uun6uvpu4u0bknl67s675fd 12235640_1219850788030889_1269044772_oИх эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монголын Үндэсний бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2015” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр Уран зургийн галерейд боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол “Үүлэн бор” морин хуурын аялгуу, “Чингисийн монгол” дуугаар танхимынхаа жаврыг үргээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлснээр эхэллээ. Тэрээр хэлэхдээ “Энэ жилийн үзэсгэлэн маш онцлогтой болж байгаа. Өмнөх жилүүдэд монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлүүдийг дэлгэдэг байсан. Тэгвэл энэ жил монгол бичгийн түүх, түүхэнд хэрхэн уламжлагдаж ирсэн бэ гэдгийг харуулах эд өлгийн зүйлсийг дэлгэсэн. Түүнчлэн цахим орчинд монгол бичгийг яаж хэрэглэж байна, хэрэглэж болох вэ гэдэг ололтуудыг харуулсан үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад төр засгийн удирдах хүмүүс гадаад, дотоодын өндөр зочид, төрийн тэргүүнүүдэд явуулж буй бичиг цахилгаан, баярын мэндчилгээгээ монгол бичгээр үйлдэж байгаа. Одоо яам тамгын газрууд ч үүнийг хэрэгжүүлж байна. Мөн сургууль төгссөн, гэр бүл болсон гэрчилгээг монгол бичгээр давхар хадмалан бичиж байна. Цаашид бид босоо заяат монгол хүн учраас бүгдээрээ үндэсний бичгээ мэддэг, бичдэг, түүгээрээ бахархдаг байх ёстой. Энэхүү үзэсгэлэнг ирж сонирхоорой” гэв.

Энэхүү үзэсгэлэн нь монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх Ерөнхийлөгчийн  зарлигийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, үндэсний бичгийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, танин мэдүүлэх зорилготой юм.

Түүнчлэн нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Монгол бичиг, түүх, соёл судлалын нэрт эрдэмтэд болох ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан, гавьяат багш Ш.Чоймаа, Академич, Доктор Д.Төмөртогоо багш, Монгол төрийн дээд-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртсэн яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо зэрэг хүмүүс оролцлоо.

Мөн энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд БМДИ-ийн удирдлагууд болон арга зүйчид очиж танилцсан юм. БМДИ нь БНХАУ-ын Өвөрмонголын Шилийн хот дахь Ажил мэргэжлийн дээд сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан нийслэл блон орон нутгийн монгол хэл, уран зохиол, монгол бичигийн багш нарыг монгол бичигийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж эхлээд байгаа бөгөөд Үндэсний бичиг соёлоо бүх нийтийн хэрэглээ болгохоор шийдсэн энэ үед цаг үеэ олсон үр бүтээлтэй ажил эхлүүлсэнийг энэхүү үзэсгэлэнгийн цар хүрээ харуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *