Амьдаараа мартагдах шиг аймшиг үгүй

Filed under Соёл-урлаг

130Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч Луузангийн Гомбосүрэн амьдрал, уран бүтээлийн “Тавилан” тайлан тоглолтоо долоо хоногийн өмнө Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” театрт толилуулсан билээ. Тэрээр тайлан тоглолтоо “Тавилан” гэж нэрлэсэн нь учиртай. Тоглолтынхоо эхэнд театрын даргаар дөрвөн удаа томилогдож, таван удаа хөөгдөж байснаа хэлээд, хамгийн сүүлд эрчүүдийн баяр болон 60 насных нь ойн баяр давхцсан өдөр УГЗ болсонд нь баяр хүргээд, тайзнаа тавихаар бэлдээд байсан хоёр ч том бүтээлээ үзэгчдэд хүргэх боломж олголгүйгээр “тэтгэвэртээ гар” хэмээн хөөж байсан гунигт дурсамжаа хуваалцахдаа сэтгэл нь урагдаж байлаа.

Тэрбээр гавъяатын тэмдгийг энгэртээ зүүснээс хойш дөрвөн жилийн дараа төрөлх тайзаа “эзэгнэх” боломж олдлоо гээд “Театрын тайз олдохгүй байхад сумын тайз, сургуулийн тайз олдож л байна” гэж бахархалтайгаар хэлж байв.

“Тавилан” тоглолтод мэргэжлийн уран бүтээлчдийн ганц ч үзүүлбэр ороогүй. Харин өөрийн найруулсан төрсөн нутаг Наран сумын 60, Түвшинширээ сумын 90, төрөлх сургуулийн 90 жилийн ойн баярын концертуудын шилдэг номеруудаар тоглолтоо бүрдүүлсэн нь үзэгчдийн сэтгэлд ихэд нийцэв. “Тал нутгийн гэгээ” зэрэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүжиг, гоцлол дуучдын үзүүлбэр онцгой байлаа. Энэхүү тоглолтод “дөрөө хоршсон” бүжиг дэглээч С.Бат-Эрдэнэ /Хэнтий/, ая зохиогч Г.Батсайхан нарт баярласнаа найруулагч илэрхийлж байлаа.

Мөн “Амьдаараа мартагдах шиг аймшиг үгүй” гэсэн илтгэл тавьсан нь үзсэн, сонссон бүхний сэтгэлийн утсыг хөндсөн юм.

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Жаргалсайхан түүний амьдрал, уран бүтээлийн талаар хэвлэлийн хуудаснаа гарсан нийтлэлүүдийг товчлон танилцуулсан нь мөн сонирхол татав.
Багш, нийтлэлч Г.Энхээ “Дэргэдийн бурхад” номондоо “Асгарсан төрмөл авъяас гэж байдаг” хэмээх өгүүлэлдээ “Тэр чадна аа … Авъяас өтөлж өвгөрөхгүй, бас тэтгэвэрт гарахгүй. Тэр тусмаа Гомоо ах шиг төрмөл авъяастныг тэтгэвэрт гаргах залуу авъяастан одоохондоо төрөөгүй байна. Өөрөөр хэлбэл, түүний ардаас гүйцэх морьдын тоос нүдэнд үзэгдэхгүй байна гэсэн үг. Гомоо ах шиг урлагийн торгон мэдрэмжтэй, “ирлэсэн тонгорог” шиг араншинтай, галзуу уран бүтээлүүдээс нь хиншүү ханхлах дөхсөн танхай авъяас олон төрдөггүй юм. Ийм ганц нэг ховор авъяастнуудаа сүхбаатарчууд хайрлахгүй юм даа” хэмээн бичсэн байдаг. Энхээ дүүгийн хэлсэнчлэн ийм ховор авъяастнаа насан баяраар нь “гавъяаны амралт” гэсэн ганган үгээр халхавч хийн хөөж, ухамсарт амьдралаа зориулсан театртаа уран бүтээлээ тавих эрх ч өгөхгүй байгаад үзэгчийн хувьд, нөхрийн хувьд харамсч суулаа. Гэхдээ ажлын далимаар андынхаа уран бүтээлийг үзэхээр Улаанбаатараас зорин очсондоо харамссангүй ээ. Харин ч омогшин бахархмаар байлаа, “ордны” Гомоогоороо. Гайхуулж гоёмоор байлаа, гавъяат найзаараа.

2008 онд Гомоогоо “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалгахад нь аяган дээр бичиж дурсгасан мөртүүд санаанд тодхон байна.


Алтан элст говийн урлагаар амилсан савдаг
Ардаг танхай заяаны хязгаар үгүй цадиг
Амьдрал тэмцэл хоёрыг хэлхэж холбосон мяндас
Ард түмэндээ билэг танхай нэгээн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *