Хүнээ гэвэл боловсролоо, боловсролоо гэвэл техникийн хэлд шимтэе

Filed under Соёл-урлаг

123456

МУБИС-ийн багш, доктор (Sc) профессор Д.МӨНХБАЯР

1915 оны наймдугаар сард баталсан “Бага, дунд сургуулийн дүрэм хэмжээ”-нд /сургалтын төлөвлөгөө/ дунд сургуульд “хэмжих зураг” гэсэн нэгэн сонирхолтой хичээл үзэхээр болсон нь техникийн хэлний цагаан толгой, өнөөгийн зураг зүйн хичээлийн эхлэл болж, энэ нь Монгол Улсын боловсролын тогтолцооны түүх, уламжлалд шинжлэх ухаан, технологт зорьсон хамгийн их дэвшилтэт хандлагын илэрхийлэл болсон юм. Хэмжих зураг /1915/, Зураг–черчени /1940/, Шугам зураг /1955/, Зохион бүтээх хөдөлмөр /1990/, Зураг төсөл /1995/, Зураг зүй /2008/ гэсэн нэртэйгээр явж ирсэн энэ чухал хичээлийг тэр цагаас хойш манай ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй 100 жил үзэж, судалж ирсэн ч сургалтад эзлэх нэр хүнд, байр сууриар хавсарга чанартай явж ирэв. 1990-ээд оноос улсын үйлдвэрүүд хувьчлагдаж, техник мэргэжлийн олон сургууль хаалгаа барьж тэр жилүүдэд “Зохион бүтээх хөдөлмөр” нэртэй хичээлийн агуулга дотор интеграцчлах нэрийн дор  зураг зүйн хичээл үнэн хэрэгтээ үгүй болж, зураг хөдөлмөрийн мэргэжлийн олон багш ажилгүй болсноор улс орны нэгэн үе  /12 жил/ техник сэтгэлгээний хоцрогдолд орж, дэлхий нийтээрээ орчуулгагүйгээр шууд харилцдаг цорын ганц хэл-техникийн хэл, соёл устах аюул нүүрлэсэн. 2004 оноос зураг төслийн суурь бүрэн дунд боловсролын цогц стандарт батлагдан, хэрэгжиж эхэлснээр энэ хичээлийн сургалтын хувь заяа нааштай эргэсэн  ч “Зураг зүй-технологи” гэсэн хос нэртэй сурах бичигтэй,  бүрэн дунд боловсролын гэрчилгээн дээр зөвхөн “Технологи” гэдэг хичээлийнх нь дүн тавигддаг болж “Зураг зүй” нь шоовдорлогдсон байдалтайгаар 12 жилийн сургалтын шинэ тогтолцоог арай ядан гэтэлж явна.

БШУЯ-наас батлаад буй 2014-2015 оны хичээлийн жилээс хот, хөдөөд туршилт явуулах лаборатори 40 сургуулийн сургалтын төлөвлөгөөнд дунд, ахлах ангид “Дүрслэх урлаг-технологи” гэсэн хичээл болж, Зураг зүй /техникийн хэл/ бүрмөсөн устах аюулд дахиад оров.

Мөн л олон зуун багш ажилгүй болж, цаана нь инженер болох хүсэл эрмэлзэлтэй олон мянган хүүхэд техникийн хэлгүй хоцрох гэж буйг БШУЯ-ны бодлого төлөвлөлтийнхөн анхааралдаа авч яаралтай өөрчлөхийг санал болгож байна.  “Зураг зүй” /техникийн хэл/ хичээлийг суурь болон бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөөнд  дангаар нь оруулж, лаборатори сургуулиудад нэн даруй хүргэх шаардлагатай байна. Учир нь сургалтын төлөвлөгөөнд IX ангид Дүрслэх урлаг биш, Зураг зүйн хичээл 70 цагаар төлөвлөгдсөнийг өнөөдөр суурь боловсролоос хасах бодит шаардлага, гарцаагүй үндэслэл огт байхгүй. Мөн зураг зүй, технологи хоёр нь агуулга, бүтцийн хувьд тэс өөр хичээл тул интеграц хийхгүйгээр тус тусад нь турших хэрэгтэй.

ТЕХНИКИЙН ХЭЛ, ДАЯАРШИХУЙ

Даяаршлын нөхцөлд хөгжлийг ойлгох ойлголт эрс өөрчлөгдөж, хүн төрөлхтөн хөгжлийнхөө гуравдахь мянганд шилжсэн үеийн хамгийн гол онцлог нь ухаалаг иргэний нийгэм байгуулах.  Тухайлбал: Мэдлэгийн нийгэм байгуулах нь ухаалаг иргэний нийгмийн суурь үндэс, хойч үедээ гүн бат мэдлэг бүхий чадамж олгох боловсролын тогтолцоог бий болгож, үндэсний чадамжтай шинжлэх ухааныг хөгжүүлэхийг чухалчлан үзэх болсон.  Мэдлэгийг дамжуулах, хэрэглэх, бүтээж бий болгохдоо дэлхийн энгээр сэтгэж бодох, мэдээлэл харилцааны технологийг хамгийн өргөн хэрэглэх боловсролын чиглэлийг техникийн хэлний буюу зурагзүйн боловсрол гэж томьёолдог. Техникийн хэлний /зураг зүйн/ боловсролд дэлхийн улс орнууд ингэж хандах болсон.

Зурган мэдээллийг дамжуулах, хэрэглэх, бү­тээж бий болгох хэрэгсэл нь компьютер /өмнө нь гортиг, шугам харандаа байв/ түүнийг эзэмших хэл-техникийн хэлний дүрэм журмын дагуу 2D, 3D хэмжээст дүрслэлийг унших, зурах хүрээ, ойлголт  улам тэлсээр байна. Техникийн хэл болох зураг зүйн шинжлэх ухаан нь мэдээллийн технологтой нягт уялдаж, зураг зүйн загварчлалын түвшинд хүрсэн, мөн загвар бүтээх олон төрөл, чиглэл бий болж, шинжлэх ухааны салбар бүр өөрийн онцлогт нийц­сэн зураглалын программ хангамж /CAD, CAD/D, CAM, CAEK/ хэрэглэх болсноор ганц компьютер ашиглан зурж дүрслэхээс гадна  электрон самбар, бусад дижитал эх үүсвэртэй холбоотой DDD-ний хэ­рэглээ нийгмийн амьд­ралд өргөн нэвтэрлээ.

Ийнхүү зураг дүрслэлд мэдээлэл харилцааны технологийг өргөн хүрээнд ашиглах бүхий л боломж зөвхөн  техникийн хэлний /зу­раг зүйн/ боловсролд суурилдаг. Техникийн хэлний дүрэм, дүрслэлийн ар­гатай холбогдох олон улсын стандарт /ISO/-ыг манайх өөрийн үндэсний стандарт /MNS/ болгон баталж 2005 оноос нэвтрүүлсэн. Улс орны шинэ бүтээн байгуулалт уул уурхай, зам тээвэр, барилга, дэд бүтэц хамран эрчимтэй хөгжиж буй өнөө үед техник сэтгэлгээтэй, техникийн хэлний гүн бат мэдлэг бүхий чадамжид суурилсан бүтээлч  инженер бэлтгэх сургалтыг улам бүр эрчимжүүлэх шаардлага алхам тутамд үгүйлэгдэж байна. Гэтэл БШУЯ-ны бодлого, төлөвлөлтийн мэргэжилтнүүд суурь боловсролд /8-9-р ангид/ заавал судлах хичээл болох зураг зүй /техникийн хэл/-н хичээлийг ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөнөөс хасч, цаашид ахлах ангид техникийн хэлийг гүнзгийрүүлэн судлах шаардлагагүй мэтээр үзэж байгаад мэргэжлийн багш нар ихэд эмзэглэж байна.

Улс орны бүтээн байгуулалтад техникийн хэлний мэдлэг, техник сэтгэлгээний чадамж чухал үүрэг гүйцэтгэх ёстойг шинэчлэлийн Засгийн газрын бодлого хийгээд “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрт тов тодорхой туссан буй. Монгол Улс Дэлхийн ур чадварын холбооны 69 дэх гишүүн орон болж монгол залуус, монгол ур ухаан дэлхийн тавцанд өрсөлдөх боломж бүрдэв. Дэлхийн ур чадварын энэ тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа нэгэн залуу “Би модоор эдлэл хийх ур ухааныг өвөө,  ааваасаа сурч, МСҮТ-д суралцаж дэвшилтэт технологи эзэмшсэн. Гэвч техникийн хэл, дүрслэлийн аргад бүрэн суралцаж чадсангүй. Зохион бүтээгч хүн хийх эдлэлийнхээ зураг төслийг багаж хэрэгсэл ашиглан стандарт дүрмийн дагуу гүйцэтгэж, зургаа уншиж, ойлгодог, олон хувилбарт зураг зохиож, орон зайн сэтгэхүйгээ хөгжүүлэх шаардлагатай юм байна гэдгээ сая ухаарлаа. Энэ талаар цэгцтэй мэдлэг, чадвар эзэмшээгүйдээ харамсаж байна” гэж телевизээр ярьж байх юм. Суурь боловсрол эзэмшээд /9-р анги төгсөөд/ МСҮТ-д суралцаж, хөдөлмөрөөр баялаг бүтээх хүсэл сонирхолтой ийм залуусыг Засгийн газар бодлогоор дэмжин 2012-2016 онд 150 мянган ажлын байр шинээр бий болгох томоохон зорилт дэвшүүлсэн. Энэ бүхнээс харахад чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд шилжиж буй энэ чухал цаг мөчид ЕБС болон МСҮТ-ийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт “Техникийн хэл” хичээлийг онцгойлон тусгаж хэрэгжүүлэх нь цаг алдалгүй шийдэх асуудал болсон байна. МСҮТ төгсөгчдөд их, дээд сургуулийн гурав, дөрөвдүгээр дамжаанаас орж үргэлжлүүлэн суралцах боломжийг ч нээж өгөх шаардлагатай байна.

ТЕХНИКИЙН ХЭЛ, ЗАГВАРЧЛАХУЙ

Хүмүүний шинийг сэдэх, зохион бүтээхүй нь  загвар зохион бүтээх, загварт судалгаа хийхээс эхэлж, тэр нь загварчлах сэтгэлгээний үр дүнд улам боловсронгуй болж, шинэ тутам загвар, зураг төслийг олон төрөл зориулалтаар бүтээн хийж хэрэглэж ирсэн. Орон зайд орших гурван хэмжээст биет юмс, обьектын хэлбэр дүрс, бүтэц байгуулалт, донж төрх, хэмжээ харьцаа, өнгө үзэмж, байршил, хөдөлгөөн, зориулалт бүрийг хоёр хэмжээст хавтгай дээр гараар /шугам гортиг ашиглан/, компьютерээр дүрсэлдэг загварчлалын аргыг зураг зүйн /техникийн хэл/ сургалтанд нэвтрүүлэх асуудал хувь хүн, нийгмийн бодит хэрэгцээ, хөгжил дэвшлийг хангах гол зорилтын нэг.  Хүүхдийг аль болох багаас нь дүрс, загвараар /тоглоом/ дамжуулан хүрээлэн буй орчноо танин мэдэх арга ухаанд сургаж, тэдний техник сэтгэлгээ, зурж дүрслэх, зохион бүтээх авьяасыг нээн хөгжүүлэхийг сургалтын эрхэм зорилгоо болгосон орнууд л өнөөдөр техник технологийн хөгжлийн манлайд явж байна.

МУБИС-ийн эрдэмтэн багш нар сүүлийн таван жилийн туршид “Загварчлал бол бүтээлч сэтгэлгээг өдөөгч, загвар бол зохион бүтээлтийн эхлэл” гэсэн үзэл баримтлал дэвшүүлж, сурагчдаар загвар бүтээх олон хувилбарт даалгавар гүйцэтгүүлж, загварчлалд суурилсан техникийн хэлний боловсролын шинэчилсэн агуулга, арга зүйг боловсруулж үе шаттай туршилт явуулж  суралцагчдын техникийн хэл, сэтгэхүйг эрчимтэй хөгжүүлэх арга  зам хайсаар байна. Энэхүү суурь судалгаагаар Монголчуудын гүн ухааны сэтгэлгээний онол, хөгжингүй орнуудын сургалтад байгаа загварчлахуйг зураг зүйн сургалт, техникийн хэлээр дамжуулан Монголын хөрсөнд  нутагшуулж ирээдүйд улс орны эдийн засаг, нийгмийн бүх салбарт ажиллах инженер, оператор, мэргэжилтэй ажилчин бэлтгэх цогц хөтөлбөр туршин хэрэгжүүлснээр үндсэндээ сургалтын шинэчлэл хийв. Өөрөөр хэлбэл, зураг зүйн суурь, бүрэн дунд боловсролын цогц стандарт /2004 онд батлагдсан/ одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрийн агуулгад нийцүүлэн 8-11 дүгээр ангид нийт 11870 сурагчдын дунд дөрвөн жил тасралтгүй явуулсан туршилтын үр дүнд зураг зүйн боловсролыг технологийн боловсролд хамруулж судлах бус, суурь, бүрэн дунд боловсролын хүрээнд дангаар нь “Техникийн хэл” нэртэй болгон шинэчилж, “Загварчлал бол бүтээлч сэтгэлгээний үндэс суурь, загвар бол зохион бүтээлтийн эхлэл мөн” гэсэн үзэл баримтлалыг сургалтын бүх шатлалд бүтээлчээр хэрэгжүүлэх боломж байгааг батлав.

Орчин үед загварын олон төрөл чиглэл бий болж эдийн засаг-нийгэм, шинжлэх ухаан-техник, сургалт-үйлдвэрлэл, хэрэглээ-бизнесийн салбарт өргөн ашиглах болсноор Дүрслэх геометр, Техникийн зураг зүйн шинжлэх ухаан бусад шинжлэх ухааны уулзвар, зангилаан дээр очиж, загварчлалын түвшинд гүнзгийрэн хөгжиж, агуулга хүрээ нь тэлсээр байгааг орчин үеийн техник, технологийн шинэ ололт, инновац /шинэчлэх үзэл онол/ баталж байна. Мөн техник технологи нь цахим боловсролын араас дагах бус угтан тосч хувь хүн-нийгмийн хэрэгцээг хангаж, боловсролын төвшингөөр олон улсын жишигт ойртох монгол хүний оюуны чадамж  байгааг   техникийн хэл, сэтгэхүйг хөгжүүлэх дээрх туршилт судалгаа баталсан юм.

Техникийн хэлний боловсрол нь технологи,  байгалийн ухааны хичээлд бодитой нөлөөлж хүүхдийн хийсвэр сэтгэхүй, зохион бүтээх авьяасыг хөгжүүлдэг онцлогтой бие даасан судлагдахуун, гэтэл  БШУЯ-наас боловсруулсан хот хөдөөд туршилт явуулах лаборатори 40 сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт “Техникийн хэл-зураг зүй” гэсэн хичээлийг огт тусгаагүй суурь, бүрэн дунд боловсролын агуулгаас хасч байгаа нь техникийн хэлийг устгаж, өсвөр үеийнхнийг сэтгэлгээний ядууралд оруулан угтан тосч хөгжих бус уруудан мөхөх аюулд хүргэнэ. Монгол Улсад техник технологи хоцрогдмол, жижиг дунд үйлдвэрлэл гэж яриад байгаа хэр нь хөгжил удаан, ажилгүйдэл, тэр дундаа дээд боловсролтой ажилгүй хүний тоо улам бүр өсөх хандлагатай зэрэг нь   зураг зүй /техникийн хэл/-н хичээлд цагийн цагт тоомжиргүй хандаж ирсний хор уршиг юм.

ТЕХНИКИЙН ХЭЛ,  ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛОВСРОЛ

Зарим эрдэмтэд байгалийн шинжлэх ухаанд сургах үйл явцыг шинжлэх ухааны боловсрол гэж тодорхойлдог. Энэ нь   хэт явцууруулсан ойлголт юм. Хоёр дахь нь байгаль, техникийн тухай мэдлэг, хүмүүний зан үйл, арга туршлагыг судлуулан залуу үед өвлүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны боловсрол гэж үздэг. Иргэншлийн судлагдахууны үүднээс хоёрдахь тодорхойлолтын хүрээнд шинжлэх ухааны боловсролыг авч үзэх хандлага нэгэнт тогтжээ.  Мөн боловсролыг  Оюун, сэтгэхүйг хөгжүүлэх хүрээ, Танин мэдэхүйн хүрээ, Санаа сэтгэлийг баяжуулах хүрээ гэсэн гурван хүрээнд авч үзэж шинжлэх ухааны боловсролыг илэрхийлдэг. Оюун сэтгэхүйн хүрээ нь бичих, ярих, зурах дадлага, биеийн тамираас эхлэн мэргэжлийн ба техникийн хичээлүүдийн агуулгаар илэрхийлэгддэг бол хүний мэдлэг оюуны чадамжийг өсгөх зорилтыг танин мэдэхүйн хүрээнд хэрэгжүүлнэ, харин эрдэмтэд санаа сэтгэлийг баяжуулах хүрээг иргэний боловсрол гэж үздэг.

Ахлах ангид шинжлэх ухаан, техникийн түүхэн хөгжлийн онол, туршлагыг хослуулан зааж, шинжлэх ухаан хэрхэн бодитойгоор хөгжиж, техникийн хэл, орос, англи хэл яагаад дэлхийн хэмжээнд ноёрхох болсныг туршлагаар батлах, хүүхдийг  зорьж тэмүүлж байгаа ирээдүйгээ өөрөө бүтээн босгох хүсэл тэмүүлэлтэй болгох нь бидний ойрын ирээдүйн зорилго. Гэтэл техникийн хэлний суурь боловсрол дутмагаас  дүрмийн болон орон зайн мэдрэмж тааруу, өнгө, хэлбэр ялгах, зурж дүрслэх чадвар сул, гоо сайхны хэмжүүр, мэдрэмж муутай төгсөгчид олширч МСҮТ болон коллеж, их дээд сургуульд  гортиг, шугам барьж, хэмжиж байгуулалт хийж үзээгүй нөхөд орж ирсээр байгаа нь харамсалтай. Бүхий л  шинжлэх ухаан  техникийн болон мэдээллийн хэлээр томьёологдож, уг хэл даяаршиж байгаа цаг дор бид ахлах ангид “Техникийн хэл” хичээлийг сонгох зайлшгүй шаардлагатайг дахин хэлье.

ТЕХНИКИЙН ХЭЛ –МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ

XVIII зууны үед Францын эрдэмтэн, инженер Гаспар Монж /1746-1818/ “Шугам зураг бол техникийн хэл мөн” гэж бичиж тунхагласан нь эдүгээ 2D, 3D хэмжээст зурган мэдээллийг гараар /гортиг шугам ашиглан/ мөн компьютер ашиглан гүйцэтгэдэг өргөн цар хүрээтэй олон улсын стандартад суурилсан дэлхийн хэмжээний хэл болж, хүн төрөлхтний  мэдээллийн 90 гаруй хувь зөвхөн үүгээр дамжин хэрэглээнд үйлчилж байгааг бид өдөр тутмын амьдрал ахуйгаасаа мэдрэн ухаарч, чухамхүү баялаг бүтээж, оюун ухаан мэдлэгийн зах зээл даяарчлагдан буй тэр зүгт хандах цаг нэгэнт болжээ. Хэрэглээний болон хялбаршуулсан компьютерийн программ хангамжуудыг ЕБС-ийн зураг зүйн сургалтад оруулж эхэлсэн дэвшил нь цаашид ямар ч ажил, мэргэжлийн хүн зургийн программ хангамж дээр ажиллах суурь болох юм. МУБИС сүүлийн жилүүдэд мэргэжлийн программ дээр ажиллах  дүрслэх урлаг, техникийн хэл, дизайн технологийн багш нарыг хамарсан мэргэжлийн  сургалт зохион байгуулж байна.

Загвар, загварчлал нь дизайн зохион бүтээлтийн үндэс. Хуучин загвар хувьсал шинэчлэлийн дагуу загварчлагдан шинэ загвар дахин төрдөг. Эргэж буцах хүрдний тасралтгүй эргэлтэд  суралцагчдаа татан оролцуулснаар бид  хүүхэд залуусынхаа техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяасыг байнга хөгжүүлж бодож, сэтгэж зохион бүтээх билгийн нүдийг нээх болно.

МСҮТ-д чадамжид суурилсан хөтөлбөр МУБИС-д өргөн сонголт бүхий цогц шаталсан хөтөлбөрт суурилсан сургалтын шинэчлэл хийгдэж байгаа нь Монгол Улсын боловсролын салбарын хүрээг хамарсан тогтолцооны шинэчлэл гэж үзэж болохоор байна. Цаашид сурагчид ахлах ангидаа математик, техникийн хэлийг сонгож, төгсөлтийн ерөнхий шалгалт өгдөг. ШУТИС, МУБИС, ХААИС-ийн инженер, дизайнер, архитектор, урлаг технологийн багш мэргэжлийг сонгох нөхцлийг хангасан сургалтыг ерөнхий боловсролын сургуульд зохион байгуулах шаардлагатай байна.

Хүнээ гэвэл боловсролоо, боловсролоо гэвэл техникийн хэлд шимтэцгээе.

Техникийн хэлийг сонгож төгсөлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын тоо өсөх тутам монголд ухаалаг иргэний нийгмийн суурь, үндэс улам батжин, жижиг дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжихийн хөшүүрэг болж, дэлхийн энгээр сэтгэж бүтээх мэдлэг, оюуны чадамжтай үндэсний хүчирхэг инженер, дизайнерууд төрөх цаг үеийг ойртуулах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *